Тархины хавдар бол эдгэрэшгүй өвчин БИШ
Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлэгийн мэдрэлийн мэс заслын тасгийн профессор Пак Чоль Ги: Тархины хавдрын төрлүүд, эмчилгээний аргууд
Тархины хавдрыг олон хүмүүс эдгэрэшгүй өвчин гэж үздэг. Ялангуяа глиобластома зэрэг хортой хавдрын хувьд 5жилийн амьдрах магадлал 10хувиас доогуур байдаг нь энэ ойлготыг улам бататгадаг. Гэсэн хэдий ч жил бүр шинээр оношлогдож буй тархины хавдартай 10 хүний 7-8 нь харьцангуй өсөлт удаантай хоргүй хавдартай байна.
Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлэгийн мэдрэлийн мэс заслын тасгийн профессор Пак Чоль Гитэй тархины хавдрын төрөл түүний онцлог, эмчилгээний арга, мөн эрт үеийн илрүүлэгт анхаарах шинж тэмдэгүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
1. Тархины хавдар гэж юу вэ?
Тархины хавдар нь тархины бүрхүүл, тархины мэдрэл, гавлын яс, хуйх зэрэгт үүсч болох хавдрын ерөнхий нэршил юм. Үүсэл, тархалтаас хамааран:
- Анхдагч хавдар - тархины эд эснээс үүссэн хавдар (ихэвчлэн өөр эрхтэнд үсэрхийлдэггүй ба төв мэдрэлийн тогтолцоон болох тархи, нугасанд дахин сэдэрдэг онцлогтой)
- Үсэрхийлсэн хавдар - биеийн бусад эрхтнээс тархинд үсэрхийлсэн гэж ангилна
2. Гол шинж тэмдэг
Тархины хавдрын хамгийн нийтлэг шинж тэмдэг нь толгойн өвдөлт юм. Хавдар томрох тусам гавлын доторх даралт нэмэгдсэнээр өвдөлт аажмаар нэмэгдэж, давтамжтай болж, байнгын өвдөлттэй болдог. Үүнийг энгийн толгойн өвдөлтөөс ялгахын тулд өвдөлтийг ажиглах хэрэгтэй.
- Өвчин намдаах эм уухад намдахгүй байх
- Өвдөлт аажмаар хүчтэй болох
- Ялангуяа шөнө, өглөөн цагаар хүнд хэлбэрээр илрэх зэрэг нь тархины хавдар байх магадлалтай.
- Мөн тархины даралт ихсэх үед дотор муухайрах, бөөлжих шинж тэмдэг илэрч болно. Зарим тохиолдолд энэ шинж тэмдэгийг хоол боловсруулах эрхтний өвчлөл хэмээн эндүүрснээс онош тогтоох хугацаа уртасдаг. Хэрэв хавдар тархины мэдрэлийг дарах тохиолдолд мэдээ алдах, бадайрах, хэл яриа саатах, ухаан балартах, таталт өгөх, хараа муудах, харах талбай хязгаарлагдах зэрэг мэдрэлийн гаралтай шинж тэмдэгүүд илэрч болно.
3. Тархины хавдрын төрлүүд
|
|
|

зураг 1 тархины хортой болон хоргүй хавдар
Тархины хавдрыг эдийн бүтцийн онцлогоос хамааран хортой болон хоргүй гэж ангилдаг.
Тархины хоргүй хавдар нь:
- Жилд 1~2мм-ээс бага өсдөг
- Орчмын эд эснээс тодорхой зааглагддаг тул мэс заслын аргаар бүрэн авах боломжтой
- Хэдийгээр зарим тохиолдолд байрлал, хэмжээ зэргээс шалтгаалан амьдралын хэв маягт нөлөөлж болох ч, 5жилийн амьдрах хувь 90ээс дээш байдаг тул амь насанд шууд аюул учруулахгүй. Тиймээс шинж тэмдэг илрээгүй тохиолдолд тогтмол MRI шинжилгээ хийн эмчийн хяналтанд байх ба хэвийнээс хурдан өсөлт ажиглагдсан үед эмчилгээ хийлгэхэд ч оройтохгүй
- Тархины нийтлэг хоргүй хавдруудын жишээнд тархины бүрхүүлийн хавдар(менингиом), өнчин тархины хавдар, мэдрэлийн бүрхүүлийн хавдар зэрэг багтана.
Тархины хортой хавдар нь:
- Хурдан явцтай, тархины эд рүү гүнзгий шигдэн ургадаг
- Хамгийн нийтлэг төрөл нь тархины мэдрэлийн туслах эсийн хавдар(глиома) юм. Глиома нь тархины мэдрэлийн эсүүдийг дэмждэг глик эсүүдэд үүсдэг ба тал илүү хувь нь хортой байдаг. Зарим хоргүй глиома ч цаг хугацааны явцад хортой болох нь түгээмэл. Иймд глиома илэрсэн тохиолдолд шинж тэмдэг байхгүй ч ихэнхи тохиолдолд эмчилгээ хийлгэх шаардлагатай.
- Глиомагийн нэг төрөл болох глиобластома(тархи, нуруу нугасны хэсэгт үүсдэг хорт хавдар) нь хамгийн өндөр хортой, тархины хамгийн аюултай хавдар юм. Солонгос улсад жил бүр ойролцоогоор 800орчим шинэ тохиолдол бүртгэгддэг. Хэрэв эмчилгээ хийлгээгүй тохиолдолд дундажаар 3-6сар, эмчилгээ хийлгэсэн тохиолдолд 1жил орчим амьдрах боломжтой. Глиобластомоос өөр бусад хортой глиомууд(олигодендроглиомаас бусад) ч эмчилэгдэх магадлал бага байдаг.
4. Тархины хавдрын оношилгоо
зураг 2 Хортой хавдар(Глиома) MRI
Тархины хавдрыг оношлох үндсэн арга бол MRI шинжилгээ юм. Уг шинжилгээг хавдрын сэжигтэй үед ч бус, мэс заслын өмнө болон дараа хавдрын байдлыг хянах зорилгоор хийдэг. Шинжилгээний үед судас руу тодосгогч бодис тарьж хавдрын байрлалыг тод харуулна.
Тархины хавдар оношлогдсоны дараа нас, суурь өвчлөл, илэрч буй шинж тэмдэг, хавдрын хэмжээ байрлал, өсөлтийн хурд зэргийг харгалзан эмчилгээний төлөвлөгөөг боловсруулна. Мэс заслын үед хадврын эдийг авч, микроскопоор эсийг судалж, цаашлаад генетикийн шинжилгээ хийсний дараа эцсийн оношийг тогтооно. Эцсийн оношоор хавдар мөн болох нь тогтоогдсон тохиолдолд туяа эмчилгээ, хими эмчилгээ зэрэг дараагийн шатны эмчилгээг эхлүүлэх боломжтой болдог.
5. Мэс засал
Тархины хавдрын хамгийн үндсэн эмчилгээ бол мэс засал юм. Тэр дундаа хуйх, гавлын яс, тархины бүрхүүлийг нээх гавлын ясны нээлттэй мэс засал нь хамгийн үр дүнтэй арга юм. Хоргүй хавдрын хувьд мэс заслын дараа мэдрэлийн шинж тэмдэгүүд сайжирч, бүрэн эдгэрэх боломжтой. Хортой хавдрын хувьд хавдрын хэмжээг бууруулж, дараагийн эмчилгээний үр дүнг сайжруулан, амьдрах хугацааг уртасгадаг.
Мөн дараах тусгай мэс заслын аргууд байдаг.
- Туяа мэс засал(гамма-найф): Гавлын ясыг нээхгүйгээр өндөр тунтай туяа ашиглан хавдрыг онилж эмчилдэг
- Тархины дурангийн мэс засал: Дуран ашиглан тархины доод хэсэгт байрлах хавдрыг авах
- Үүнээс гадна хавдрын төрөл, байрлалаас хамааран сэрүүн байх үеийн мэс засал, дүрсээр чиглүүлэх мэс засал, гэрэлд мэдрэмтгий бодисоор удирддаг мэс засал, мэс заслын явцад мэдрэлийн хяналт, зураглал хийх зэрэг тусгай нэмэлт технолоиуд ашиглан мэс заслын нарийвчлал, аюулгүй байдлыг нэмэгдүүлдэг.
6. Мэс заслын дараах эмчилгээ
Тархины глиом зэрэг тархины дотор үүссэн хавдрыг өргөн хүрээтэй авах боломжгүй тул мэс заслаар хавдрын эсийг бүрэн устгах хэцүү. Үүний улмаас хавдар дахих тохиолдол их бөгөөд хавдар дахихаас урьдчилан сэргийлэхийн тулд дараах хавсарсан эмчилгээ хийгдэнэ.
1. Туяа эмчилгээ
Туяаг өдөрт бага багаар хуваан хийж, сонгомол байдлаар хавдрын эсүүдийг устгахад ашигладаг арга бөгөөд 2-3 долоо хоногоос 6-8 долоо хоног хүртэл өдөр бүр хийгддэг.
2. Химийн эмчилгээ
Голдуу хортой хавдрын үед мэс засал эсвэл туяа эмчилгээтэй хавсарч хийгддэг. Өмнө нь тархины хавдарт хими эмчилгээний үр дүн хязгаарлагдмал гэж үздэг байсан ба энэ нь тархи болон судасны хооронд орших “тархи-судасны бүрхүүл хальс” нь химийн эмийг тархинд нэвтрэхээс сэргийлдэгтэй холбоотой. Сүүлийн жилүүдэд энэ саадыг давсан шинэ төрлийн эм, зорилтот эмчилгээ гарч ирснээр эмийн эмчилгээний боломж улам нэмэгдэж байна.
7. Өвчтөн болон асран хамгаалагчид өгөх зөвлөгөө
“Тархины хавдарууд дотор бүрэн эдгэрэх боломжгүй тохиолдол байдаг ч, ихэнхи хавдрыг эмчлэх боломжтой. Зарим тохиолдолд тусгай эмчилгээ хийлгэх ч шаардлагагүй зөвхөн эмчийн хяналтанд байснаар насан туршид ямар ч асуудалгүй амьдрах боломжтой байдаг. БНСУ-ын тархины хавдрын эмчилгээний технологи дэлхийн хамгийн өндөр түвшинд хүрсэн тул эмчилгээнд итгэлтэй байж болно. Ялангуяа сүүлийн жилүүдэд томоохон хэмжээний генийн шинжилгээ болон эмчилгээний систем өргөжиж, хувь хүнд тохирсон эмчилгээний төлөвлөгөөг илүү нарийн гаргах боломжтой болсон.”