Skip To Content

Мэдээ

Нурууны диск өвчний үед мэс засал болон мэсгүй эмчилгээний үр дүн хэрхэн ялгаатай байх вэ?

Hit : 6,782 Date : 2021-03-10

-Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлэг, нурууны дисктэй өвчтөнүүд өөр өөр эмчилгээ хийлгэсний дараа өвдөлт болон өдөр тутмын зовиур нь хэр байгааг харьцуулсан судалгаа хийжээ.

-Мэс засал хийх нь өвдөлтийг хурдан дарах үр дүнтэй байсан ч урт хугацаагаар харьцуулалт хийхэд мэс заслын бус эмчилгээнээс нэг их ялгаагүй үр дүн гарлаа.

external_image

Ихэнхидээ нурууны диск гэж бидний нэрлэдэг нугалам хоорондын жийргэвч цүлхийх өвчнийг мэс засал болон мэс заслын бус аргаар тус тус эмчилсний дараах үр дүнг харьцуулан дүгнэлт хийсэн судалгааны хариу гаргалаа.

Мэс засал хийсэн тохиолдолд нэг сарын дотор өвдөлт нь намдах үр дүнтэй байсан боловч урт хугацаанд авч үзэхэд мэс заслын бус эмчилгээний үр дүнгээс ялгаа бага байжээ.

Энэ судалгаа нь нурууны дисктэй өвчтөнүүдэд тохирох зөв эмчилгээг сонгоход тус болох төлөвтэй байна.

Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасгийн профессор Жон Чонь Гигийн судалгааны баг (Ким Ги Жон, Пак Юүнь Гван, Ким Чи Хонь, Чуй Юүнь Хи профессор) нь мэс заслын эмчилгээ тохиромжтой гэж үзэн дээд түвшний эмнэлэгт эмчлүүлэх санал авсан нурууны дисктэй 128 өвчтөнийг мэс засал болон мэс заслын бус эмчилгээ гэсэн хоёр бүлэгт хуваан ажиглалт, дүгнэлт хийснээр дээрх үр дүнг гарган авснаа өнгөрсөн сарын 25-нд мэдэгджээ.

Нурууны диск гэдэг нь нугалам хоорондын жийргэвч цүлхийснээр нурууны өвдөлт болон мэдрэлийн шинж тэмдэг үүсгэдэг өвчин юм. Нуруу нь өвддөг өвчтөнүүдийн талаас дээш хувь нь дисктэй байдаг. Нуруу болон хөлний өвдөлтийн гол шалтгаануудын нэг нь энэ өвчинг гэж үздэг. Шинж тэмдэг үргэлжилсэн хугацаа, өвдөлтийн зэрэг, мэдрэлийн гаралтай бэрхшээл зэргийг харгалзаж үзэн мэс заслын эмчилгээ эсвэл мэсийн бус эмчилгээ хийх нь тохиромжтой гэж ангилдаг.

Мэсийн бус эмчилгээ гэдэгт нь дасгал, эм тариа, физик эмчилгээ зэрэг орно. 6 долоо хоногийн турш мэс заслын бус эмчилгээ хийсэн ч эмчилгээ аваагүй, тэсвэрлэхийн аргагүй өвдөлттэй байх, биеийн доод хэсгийн саажилт эргэж сайжрахгүй байх эсвэл бүүр муудах гэх мэт тохиолдолд мэс засал хийдэг.

Эмчилгээний үр дүнг сайжруулахын тулд зөв зохистой эмчилгээний аргыг сонгох нь юунаас ч чухал юм. Өмнө нь гадаадад хийгдсэн судалгаанууд байгаа хэдий ч дотоодын бодит байдлыг тусгасан судалгаа байхгүйн дээр өвчтөнийг ангилах хүрээ нь өргөн байсны улмаас эмчилгээний тодорхой чиг байхгүй байжээ.

Уг судалгааны баг нь эмчилгээний аргын дагуу өвчтөнүүдийг ▲мэс заслын бүлэгт 57 хүн ▲Мэс заслын бус бүлэгт 71 хүн хэмээн ангилсны дараа өвдөлт болон өдөр тутмын зовиур хүндрэл нь хэр байгааг харьцуулан дүгнэлт хийжээ.

external_image

Зураг:Мэс засал хийлгэсэн бүлгийн хувьд эхний нэг сар дотор хөл болон нурууны өвдөлт мэдэгдхүйц багассан бөгөөд, харин 2 жилийн дараа мэс засал ба мэс заслын бус эмчилгээний үр дүн адилхан байв.

 

Судалгааны үр дүнгээс харахад мэс засал хийлгэсэн өвчтөнг мэсгүй эмчилгээ хийлгэсэн өвчтөнтэй харьцуулахад нуруу болон хөлийн өвдөлт нь нэг сарын дотор хурдацтайгаар сайжирч байжээ. Нөгөөтэйгүүр 2 жилийн турш байдлыг ажиглахад мэс заслын бус эмчилгээний дараа ч бас шинж тэмдэг нь аажмаар сайжирсан бөгөөд мэс заслын эмчилгээ болон мэсгүй эмчилгээний үр дүн бараг ялгаагүй байжээ.

Мөн харьцуулалтын үр дүнгээс харахад мэс засал хийлгэсэн болон мэсийн бус эмчилгээ хийлгэсэн өвчтөний өдөр тутмын зовиур, хүндрэл нь төстэй түвшинд багассан байна.

Уг судалгааны баг нь мэсгүй эмчилгээгээр өвдөлт болон бусад шинж тэмдгийг сайжруулж болох хэдий ч эмчилгээний аргыг сонгох үедээ удаан эдгэрэлтийн улмаас эдийн засгийн үйл ажиллагаа, өдөр тутмын амьдрал хязгаарлагдаж нийгэм эдийн засгийн алдагдалтай байх, амьдралын чанар муудах гэх мэт асуудлыг бодолцож үзэх хэрэгтэйг чухалчилжээ.

Жон Чонь Ги профессор ”Энэ удаагийн судалгаа нь мэс засал хийлгэх заалттай дисктэй өвчтөнүүдийн хамгийн их мэдэхийг хүсдэг зүйл болох мэс засал ба мэс заслын бус эмчилгээний бодит үр дүнд анализ хийсэн гэдгээрээ өмнөх судалгаануудаас ялгаатай” хэмээн судалгааны ач холбогдлыг дурдсан байна.

Мөн “Мэс засал хийлгэх заалттай өвчтөн мэсгүй эмчилгээг илүүд үзэх тохиолдолд энэ нь эмчилгээний нэг сонголт болж болох ч саажилттай байх, эсвэл диск нь хэт их цүлхийсэн байх гэх мэт зайлшгүй мэс засал хийлгэх шаардлагатай тохиолдол ч байдаг тул заавал эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй” гэж захилаа.

Энэ судалгааны үр дүн олон улсын эрдэм шинжилгээний 'Шинжлэх ухааны репорт' сэтгүүлийн 2-р сарын дугаарт хэвлэгдэхээр болжээ. Солонгосын эрүүл мэнд анагаах ухааны судалгааны хүрээлэнгийн шалгаруулалтаар сонгогдсон энэ судалгаа нь Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлэг, Бүндан Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлэг, Каннам Сэвэранс эмнэлэг, Курё их сургуулийн анам эмнэлгүүдэд хийгджээ.

Full Menu

전체 검색

전체 검색