Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг Зүрхний тосгуурын фибрилляцийг “ Импульсийн талбайн аблаци”-ийн аргаар 300дахь өвчтөнг амжилттай эмчлэн, өндөр эрсдэлтэй өвчтнүүдэд ч аюулгүй эмчилгээ болохыг баталлаа

Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлгийн Зүрх судасны өвчин судлалын тасгийн “Зүрхний хэм алдагдлын баг” (У Се Ил, Чой Үи Гын, И Со Рён, Ан Хё Жон, Хан Сог Мүн профессор)-ийнхан энэ сарын 2-ны өдөр тосгуурын фибрилляцийг “ Импульсийн талбайн аблаци”-ийн аргаар 300дахь өвчтнөө амжилттай эмчилснээ мэдэгдлээ.
Энэ 300 өвчтөний дундаж наслалт нь 62-той байсан ба тэдний 1/4 нь илүү өндөр 70 ба түүнээс дээш насны өндөр настангууд байсан. Мөн анх удаа эмчилгээ хийлгэж байгаа өвчтнөөс гадна өмнө нь өөр эмнэлэгт радио давтамжийн аблацийн эмчилгээг хийлгээд ахин сэдэрч тус эмнэлэгт хандсан, нарийн төвөгтэй эмчилгээ шаардсан өвчтөнгүүд ч олон байсан.
Ийм эрсдэл өндөртэй өвчтөнүүдийг эмчилгээнд хамруулсан ч ноцтой хүндрэл гаралгүйгээр эмчилгээг дуусгасан байна.
Тосгуурын фибрилляци нь зүрхний цохилт жигд биш болж, судасны цохилт тогтворгүй болдог хамгийн түгээмэл архаг зүрхний хэм алдагдал юм. БНСУ-д сүүлийн 10 жилийн хугацаанд энэ өвчний тархалт 2дахин ихэссэн бөгөөд эмчлэхгүй удвал тархинд цус харвах эрсдэл 2,4 дахин, зүрхний дутагдалын эрсдэл 5дахин нэмэгддэг гэж үздэг. Тийм учраас БНСУ болон олон улсын эмчилгээний удирдамжид оношлогдсноос хойш 1жилд зүрхний хэмийг хэвийн хэмжээнд сэргээх “Эрт үеийн зүрхний хэмийг эмчлэх эмчилгээ”-г хийхийг зөвлөдөг.
Стандартын дагуу хийгддэг эмчилгээ болох катетер аблаци нь тосгуурын фибрилляцийг үүсгэдэг уушгины венийн судасны орчмын эдийг тусгаарлаж, идэвхгүй болгох арга юм.
Өмнө нь хэрэглэж байсан радио давтамжийн аблацийн эмчилгээ нь дулааны энергийг ашигладаг тул ойролцоох судас, улаан хоолой зэрэг эрхтнүүдийг гэмтээдэг эрсдэлтэй байсан.
Харин импульсийн талбайн аблацийн эмчилгээ нь дулаан биш өндөр хүчдэлийн цахилгаан үелзэл ашиглаж, зөвхөн зүрхний булчингийн эсүүдийг идэвхгүй болгодог тул эргэн тойрны эд эрхтэнг гэмтээх эрсдэл хамгийн бага байдаг. Мөн эмчилгээний хугацаа богино, хүндрэл гарах эрсдэл хамгийн бага учраас эдгэрэлт болон эмнэлэгт хэвтэх хугацааг богиносгодог шинэ үеийн хэм алдагдлын эмчилгээний арга гэж үнэлэгдэж байна.
Тус хэм алдагдлын баг 2025 оны 1дүгээр сард БНСУ-д анх удаа 3 хэмжээст импульсийн талбайн аблацийн эмчилгээг нэвтрүүлснээс хойш тус чиглэлийн эмч нарыг сургах ажлыг удирдан уг аргыг түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна. Мөн эмчилгээний өмнө болон дараа зүүн тосгуурын доторх зураглалыг хийж, өвчтөн бүрийн зүрхний булчингийн ширхэгжилтийг нарийвчлан үздэг. Үүнээс үндэслэн насан туршийн хяналт шаарддаг тосгуурын фибрилляцитай өвчтөн бүрт тохирсон эмчилгээ, хяналтын төлөвлөгөөг гаргаж хэрэгжүүлдэг.
Зүрх судасны өвчин судлалын тасгийн профессор Чой Үи Гын хэлэхдээ:
“3 хэмжээст импульсийн талбайн аблаци нь цахилгаан зураглалд тулгуурлан зөвхөн гэмтсэн хэсгийг өндөр нарийвчлалтай онилж хийгддэг эмчилгээний арга. Энэ арга уламжлалт эмчилгээний аргатай харьцуулахад цацрагийн өртөлт, эргэн тойрны эрүүл эдийн гэмтлийн эрсдэл хамгийн бага, өвчтөнд эмчилгээний ачааллыг бууруулдгаараа давуу талтай.” гэж онцоллоо.
Зүрх судасны өвчин судлалын тасгийн профессор У Се Ил хэлэхдээ:
“Дахисан болон эрсдэл өндөртэй өвчтнүүдийг эмчлэх нь илүү төвөгтэй, нарийн эмчилгээ шаарддаг. Эдгээр өвчтнүүдийг хамруулан 300 тохиолдыг амжилттай эмчилсэн нь онцгой ач холбогдолтой. Цаашдаа ч энэ хуримтлуулсан туршлагаа үндэслэн БНСУ-ын зүрхний хэм алдагдлын эмчилгээний түвшинг ахиулахад хувь нэмрээ оруулах болно.” хэмээв.