ҮҮДЭН ВЕНИЙН ХАВДРЫН ТРОМБОЗ ХАВСАРСАН ЭЛЭГНИЙ ХАВДАРТАЙ ӨВЧТӨНД ТУЯАТАЙ ЭМБОЛИЗАЦИ ЭМЧИЛГЭЭ ҮР ДҮНТЭЙ, АЮУЛГҮЙ БОЛОХЫГ ТОГТООЖЭЭ
ᄋ Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлгийн хамтарсан судалгааны баг 213 өвчтөнийг хамруулсан олон төвт ретроспектив харьцуулсан судалгааны үр дүнгээ танилцууллаа
ᄋ Туяатай эмболизаци (TARE) эмчилгээ хийлгэсэн өвчтөний нийт амьдрах хугацааны дундаж 27.5 сар байсан нь атезолизумаб + бевацизумаб эмчилгээ хийлгэсэн өвчтөнөөс урт байв
Элэгний гол судас болох үүдэн венийг хавдар дарангуйлж, эмчилгээ хийхэд хүндрэлтэй болсон элэгний эсийн хорт хавдартай өвчтөнүүдэд туяатай радиоэмболизаци (Transarterial Radioembolization, TARE) болон атезолизумаб (Atezolizumab) + бевацизумаб (Bevacizumab) хавсарсан эмчилгээний үр дүнг харьцуулсан судалгааны дүн нийтлэгдлээ. Судалгаагаар туяатай эмболизаци хийлгэсэн өвчтөнүүдийн нийт амьдрах хугацаа уртассан бөгөөд хэвлийн хөндийд шингэн хуралдах болон цус алдалт бага байсан нь тогтоогджээ.

Үүдэн венийн хавдрын тромбтой элэгний хорт хавдрын онцлог
Элэгний эсийн хорт хавдар нь дэлхий даяар хорт хавдрын шалтгаант нас баралтын гурав дугаарт эрэмблэгддэг өвчин бөгөөд өвчтөнүүдийн 40 хүртэлх хувь нь анх оношлогдох үедээ үүдэн вен рүү хавдар нэвчин орж, үүдэн венийн хавдрын тромбоз (Portal Vein Tumor Thrombus, PVTT) үүссэн байдаг. Ийм тохиолдолд эмчилгээ хийхгүй бол дундаж амьдрах хугацаа ердөө 3 сар орчим байдаг тул өвчний тавилан муу, эмчилгээний арга барил сонгоход ч хүндрэлтэй байдаг.
ᄋ Үүдэн вен (Portal vein) нь хоол боловсруулах замаас шимэгдсэн шим тэжээлийг элэг рүү тээвэрлэн хүргэдэг хамгийн чухал судасны нэг юм.
Сүүлийн жилүүдэд дархлаа эмчилгээ нь элэгний эсийн хавдрын стандарт эмчилгээ болсон хэдий ч хавдрын байрлал болон хавдар судасруу нэвчсэн зэрэг байдлаас шалтгаалан эмчилгээний үр нөлөө хязгаарлагдмал байх тохиолдолч мөн үүснэ. Иймээс эрүүл элэгний эдийг аль болох хамгаалж, зөвхөн хавдрыг онилсон өндөр тунгийн цацрагийг сонгомлоор хүргэдэг туяан радиоэмболизаци (TARE) эмчилгээ нь шинэ боломж гэж үзэж байгаа боловч энэ хоёр аргыг харьцуулсан судалгаа өмнө нь хангалтгүй байв.
Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлгийн Хоол боловсруулах эрхтний тасгийн профессор Ким Юн Жүн тэргүүтэй судалгааны баг 2016 – 2023 оны хооронд Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлэг, Үндэсний Хавдар Судлалын Төв, Северанс Эмнэлэг, Самсунг Сөүл Эмнэлэгт эмчлүүлсэн үүдэн венийн хавдрын тромбоз (PVTT)-той элэгний эсийн хорт хавдартай 213 өвчтөнийг хамруулан олон төвт, ретроспектив харьцуулсан судалгаа хийжээ.
Тус судалгаагаар туяатай эмболизаци (TARE) болон атезолизумаб–бевацизумаб хос эмчилгээний эмчилгээний үр дүнг харьцуулан судалгааны үр дүнг энэ сарын 24-ний өдөр нийтэд танилцуулав.
Судалгааны баг нийт өвчтөнүүдийг туяан эмболизаци (TARE) эмчилгээний бүлэг болон атезолизумаб–бевацизумаб хос эмчилгээний бүлэг гэж хоёр ангилан дараах үзүүлэлтүүдийг харьцуулан үнэлжээ.
ᄋ Нийт амьдрах хугацаа
ᄋ Өвчин даамжрахгүй байх хугацаа
ᄋ Хавдрын объектив хариу урвалын хувь (ORR)
ᄋ Эмчилгээний аюулгүй байдал
Мөн хоёр бүлгийн өвчтөнүүдийн суурь клиник шинж чанарын ялгаанаас үүдэх өөрчлөлтийг багасгах зорилгоор урвуу магадлалын жинлэлт (IPW) болон хандлагын онооны тохируулга (PSM) зэрэг статистикийн аргуудыг ашиглав.

ᄋ Туяатай эмболизаци эмчилгээний бүлэг болон атезолизумаб–бевацизумаб хос эмчилгээний бүлгийн нийт амьдрах хугацааны дундаж харьцуулалт. Нийт амьдрах хугацааны дундаж нь туяанэмболизаци (улбар шар өнгө) эмчилгээний бүлэгт 27.5 сар байсан бол атезолизумаб–бевацизумаб (цэнхэр өнгө) хос эмчилгээний бүлэгт 8.6 сар байсан бөгөөд туяатай эмболизаци эмчилгээний бүлэгт наслалт илүү урт байна.
Судалгааны үр дүнд нийт амьдрах хугацааны дундаж туяатэй эмболизаци (TARE) эмчилгээний бүлэгт 27.5 сар байсан нь атезолизумаб–бевацизумаб хос эмчилгээний бүлгийн 8.6 сараас урт байв. Ялангуяа хавдар үүдэн венийн үндсэн их биед (main portal vein) хараахан хүрээгүй, өөрөөр хэлбэл сегмент болон элэгний дэлбэнгийн түвшний үүдэн венийг хамарсан өвчтөнүүдийн дунд туяанэмболизаци эмчилгээний бүлгийн нас барах эрсдэл нь атезолизумаб–бевацизумаб бүлгийнхтэй харьцуулахад 36% байсан байна. Харин хавдар үүдэн венийг бүхэлд нь хамарсан өвчтөнүүдийн хувьд хоёр эмчилгээний аргын хооронд статистикийн ач холбогдолтой ялгаа ажиглагдаагүй.
Аюулгүй байдлын хувьд туяанэмболизаци эмчилгээний бүлэгт зарим гаж нөлөө бага байх хандлага ажиглагдсан. Өдөр тутмын амьдралд нөлөөлөхүйц хэмжээний хэвлийн хөндийд шингэн хуралдах тохиолдол туяатэй эмболизаци бүлэгт 12%, атезолизумаб–бевацизумаб бүлэгт 20.5% байсан бол цус алдах тохиолдол тус тус 1.7% болон 8% байжээ. Харин элэгний үйл ажиллагааг үнэлдэг Чайлд–Пьюгийн оноо (Child–Pugh score) муудах үзүүлэлтийн хувьд хоёр бүлгийн хооронд статистикийн ач холбогдолтой ялгаа ажиглагдаагүй.
ᄋ Чайлд–Пьюгийн оноо (Child–Pugh score): Элэгний архаг өвчтэй өвчтөнүүдийн элэгний үйл ажиллагаа болон өвчний тавиланг үнэлэхэд ашигладаг олон улсын үнэлгээний систем юм.
Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлгийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тасгийн профессор Ким Юн Жүн хэлэхдээ: "Үүдэн венийн хавдрын тромбозтой элэгний эсийн хорт хавдрыг эмчлэхэд хүндрэлтэй бөгөөд өвчний тавилан ихэвчлэн муу байдаг. Энэхүү судалгаагаар өвчтөний элэгний үйл ажиллагаа болон үүдэн венийн хавдрын тархалтын хэмжээнээс хамааран туяанэмболизаци нь үр дүнтэй эмчилгээний сонголт байж болохыг тогтоолоо. Мөн туяатай эмболизаци нь элэгний үйл ажиллагааг харьцангуй тогтвортой хадгалж, дараагийн шатны хавдрын эмчилгээтэй уялдуулан хэрэгжүүлэх боломжтой байдаг нь хожуу үеийн элэгний хорт хавдартай хүнд тохирсон эмчилгээний стратегиийн чухал ач холбогдолтой юм." гэж онцлон дурдсан байна.
Энэхүү судалгааны үр дүн нь олон улсын нэр хүндтэй Diagnostic and Interventional Imaging сэтгүүлийн хамгийн сүүлийн дугаарт нийтлэгджээ.

Хоол боловсруулах эрхтэн судлалын тасгийн профессор Ким Юн Жүн