НЭЭЛТТЭЙ ХАГАЛГАА ХИЙХГҮЙГЭЭР ТАРХИНЫ ХАВДРЫГ ЭМЧЛЭХ ШИНЭ БОЛОМЖ
- Том хэмжээтэй тархинд үсэрхийлсэн хавдар цацраг туяагаар эмчилэгдэх боломжтой
- Эмчилгээ хийлгээд 6-9сарын дараа хавдар болон хавангийн эзэлхүүн 80% хүртэл буурсан
Өмнө нь 10㎤-аас дээш хэмжээтэй тархинд үсэрхийлсэн хавдрын үед тархины нээлттэй хагалгааг санал болгодог байсан бол, БНСУ-ын судлаачид ‘Гамма-Найф цацраг туяан мэс засал’ нь аюулгүй, үр дүнтэй эхний шатны эмчилгээ болохыг баталжээ. Энэ эмчилгээ нь нэг дор өндөр тунгаар хийх биш, харин олон удаа бага хэмжээгээр хийгддэг бөгөөд 9 сарын дотор хавдрын хэмжээг 80% хүртэл багасгаж, өвчтөнүүдийн 87% мэдрэл сэргэх боломжтой.
Тиймээс хагалгаа хийх боломжгүй буюу хавсарсан өвчтэй өвчтөнүүдэд маш үр дүнтэй, аюулгүй сонголт болж байна.

БНСУ-ын Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Эмнэлгийн мэдрэлийн мэс заслын эмч Пэк Сон-Ха, Мён Хо-Сон нарын судалгааны баг тархинд үсэрхийлсэн том хэмжээтэй хавдар гэж оношлогдсоны дараа 1-р шатны эмчилгээгээр гамма-найф цацраг туяан мэс засал хийлгэсэн 93 өвчтөний мэдээлэлд үндэслэн, эмчилгээний аюулгүй байдал болон үр дүнг энэ сарын 3-нд танилцуулсан.
Тархинд үсэрхийлсэн хавдар гэдэг нь бусад эрхтэнд үүссэн хорт хавдрын эсүүд тархинд тархаснаас үүсдэг хавдар юм. Хавдар жижиг хэмжээтэй үед нь голчлон цацрагийн мэс заслаар эмчилдэг бол, том хэмжээтэй хавдрын үед тархины даралтыг хурдан бууруулах шаардлагатай тул нээлттэй мэс засал хийхийг зөвлөдөг.
Нээлттэй мэс засал хийх боломжгүй бол гамма-найф цацраг туяан мэс засал анхаарал татаж байна. Энэ нь нэг удаад өндөр тунгаар цацраг өгөхөөс гаж нөлөө бага, мөн хавдрын өсөлтийг зогсоодог болох нь судлагаагаар батлагдсан. Гэвч том хэмжээтэй тархины үсэрхийлэлийн хувьд анхны эмчилгээнд гамма-найф цацраг туяан мэс засал үр дүн тодорхойгүй байсан бөгөөд, ялангуяа зөвхөн гэмтсэн хэсэгт өндөр тунгаар гамма цацрагийг төвлөрүүлэн хийдэг гамма-найфийн судалгаа ховор байв.
Судалгаанд тулгуурлан гамма-найф цацраг туяан эмчилгээ хийсний дараа хавдар дахих, үсэрхийлэх болон нас баралтыг хянахад, өвчтөнүүдийн амьд үлдсэн хугацааны дундаж нь 15.2сар байгаа нь өмнө нь нээлттэй мэс заслын дараа амьд үлдэх (8-18сар)хугацаатай ойролцоо байв. Хавдар дахихгүй байх, үсэрхийлэл үүсэхгүй байх хугацаа дунджаар 8.2 сар байжээ. Мөн судалгааны баг 2жилийн турш 3сар тутамд хавдрын хэмжээ, мэдрэлийн шинж тэмдэг, цацрагийн хордлогыг хянаж дүгнэсэн байна.
Судалгааны үр дүнгээс үзэхэд:
- 10 хавдрын 8 нь эзэлхүүнээрээ 50% хүртэл багассан
- Эзэлхүүн хамгийн их багасахад дунджаар 3сар зарцуулсан
- 6-9 сарын дараа хавдар болон хавангийн эзэлхүүн 80% хүртэл буурсан
- Өвчтөнүүдийн зөвхөн 5.4%-д туяаны нөлөөгөөр эдийн үхжил илэрсэн ч хүндэрч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай өвчтөн байгаагүй
- Өвчтөнүүдийн 87.1% нь хагалгаанаас хойш 6 сарын дотор шинж тэмдэг тогтвортой болсон

Өөрөөр хэлбэл, гамма-найф цацраг туяан эмчилгээ нь нээлттэй мэс заслын хүндрэл үүсгэхгүйгээр, мэдрэлийн үйл ажиллагааг үр дүнтэй сэргээх боломжтой эмчилгээний арга гэдгийг судалгааны баг тайлбарласан байна.

Сөүлийн Үндэсний Их Сургуулийн эмнэлгийн мэдрэлийн мэс заслын эмч Пэк Сон-Ха “Энэ судалгаа нь тархинд үсэрхийлсэн том хэмжээтэй хавдрын үед гамма-найф цацраг туяан эмчилгээний үр дүнтэй, аюулгүй гэдгийг баталсан нь ихээхэн ач холбогдолтой” хэмээгээд, “Цаашид энэ арга нь нээлттэй мэс заслыг орлохуйц эмчилгээ болох боломжтой” гэж онцолжээ
Энэ удаагийн судалгаа нь ‘Journal of Korean Medical Science’ сэтгүүлийн сүүлийн дугаарт нийтлэгдсэн байна